Цахим орчин нь хүүхэд, өсвөр үеийнхний суралцах, харилцах, өөрийгөө илэрхийлэх салшгүй орчин болсон энэ үед тэднийг өөрийгөө хамгаалах мэдлэг, зөв хандлага, хариуцлагатай хэрэглээтэй болгох нь зөвхөн хувь хүний бус, сургууль, эцэг эх, нийгмийн хамтын үүрэг юм.
Монгол Улсад ЕБС-ийн орчинд цахим дээрэлхэлт хорт хавдар мэт тархаж байгааг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран гаргасан судалгаанд онцолсон.
Тодруулбал,
– 9-12 насны хүүхдүүдийн гуравны нэг нь цахим дарамтад өртсөн.
– 13-17 насныхны 51.3 хувь нь цахим дарамтад өртсөн
– Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 53.6 хувь нь цахим орчинд зохисгүй үг хэллэг сурч, хэрэглэдэг.
– Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 90 хувь нь Facebook ашигладаг боловч насны доод шаардлага хангаагүй.
– Цахим дарамтад өртсөн хүүхдүүдийн тал хувь нь энэ талаар мэдээлдэггүй. Үүний гол шалтгаан нь томчуудад итгэх итгэл алдарсан эсвэл мэдээлэх нь үр дүнгүй гэж үздэгтэй холбоотой.
– 200 өсвөр насныхны нэг нь цахим дарамтаас үүдэлтэй амиа хорлох бодол төрж байсан гэж хариулжээ.
– Сурагчдын талаас илүү хувь нь сургуулиасаа цахим дарамтын талаарх боловсрол аваагүй байна гэсэн судалгааны үр дүн гарчээ.
Энэ үүднээс “Шинэ эхлэл интернэйшнл” сургуулийн багш нар болон эцэг эхчүүдийн санаачилгаар Cyber Solution Support ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд цахим дээрэлхэлт, дарамт, хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, цахим орчин аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
ЕБС-ийн сурагчдад кибер аюулгүй байдлын мэдлэг, цахим ёс зүй, хувийн мэдээллээ хамгаалах чадварыг системтэй, тасралтгүй олгосноор цахим дарамтаас үүдэх сэтгэлзүйн эрсдэл, гэмт хэрэг, цаашлаад амь насанд заналхийлэх ноцтой үр дагавраас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Кибер аюулгүй байдлын боловсрол бол өнөөдрийн сонголт бус, ирээдүйн зайлшгүй хөрөнгө оруулалт юм. Иймд сургуулийн орчинд:
– Цахим дээрэлхэлт, дарамтыг таньж мэдэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх соёлыг төлөвшүүлэх
– Хувийн мэдээлэл, нууц үг, сошиал орчны аюулгүй хэрэглээний суурь чадварыг эзэмшүүлэх
– Цахим орчинд ёс зүйтэй, хариуцлагатай харилцах ойлголтыг хэвшүүлэх
– Хүүхдүүдийг ганцааранг нь үлдээлгүй, итгэж хандах, дэмжих хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

