Cyber Solution Support ХХК нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ хүрээнд “Геодезийн өгөгдөл ба үндэсний аюулгүй байдал: Дижитал хилээ хамгаалъя” сэдэвт кибер аюулгүй байдлын анхан шатны сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад Газрын харилцаа, геодези, зураг зүйн ерөнхий газар, нийслэл болон дүүргийн газрын албад, аймаг, сумдын газрын албаны нийт 1000 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд геодезийн болон орон зайн өгөгдлийн аюулгүй байдал, кибер халдлагын өнөөгийн нөхцөл байдал, бодит халдлагын кейсүүдэд тулгуурласан мэдлэг, ойлголтыг системтэйгээр олгосон юм.
Сургалтын хүрээнд:
Геодезийн өгөгдөлд чиглэсэн кибер эрсдэл, халдлагын түгээмэл хэлбэрүүд
Фишинг, дотоод эрсдэл, хүний алдаанаас үүдэх өгөгдөл алдагдах бодит жишээнүүд
Төрийн байгууллагад кибер халдлага гарсан тохиолдолд үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, урьдчилан сэргийлэх арга замууд
Ажилтан, албан хаагч бүрийн өдөр тутмын кибер аюулгүй байдлын хариуцлага, дадал
зэрэг сэдвүүдийг онцлон авч үзлээ.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн ерөнхий газар нь “Кибер аюулгүй байдлын тухай” хуулийн дагуу Монгол Улсын Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад тооцогддог. Өөрөөр хэлбэл, тус байгууллагад чиглэсэн кибер халдлага нь зөвхөн нэг байгууллагын түвшинд бус, улмаар төрийн үйлчилгээний тасалдал, эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй юм.
Тэр дундаа геодезийн болон орон зайн мэдээлэл нь терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, гадаадын тагнуулын байгууллагуудын хувьд хамгийн өндөр үнэ цэнтэй стратегийн өгөгдөлд тооцогддог. Монгол Улсад одоогоор энэ чиглэлийн байгууллагад амжилттай халдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч Словак, Грек, Кипр, Энэтхэг зэрэг улс орнуудын газрын харилцаа, геодезийн байгууллагууд кибер халдлагад өртөж,
– төрийн үйлчилгээ түр хугацаанд саатах,
– үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаа доголдох,
– эдийн засагт бодит сөрөг нөлөө үзүүлэх зэрэг ноцтой үр дагаврууд гарч байсан бодит туршлагууд бий.
Иймд энэхүү сургалт нь байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдын кибер эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх, геодезийн өгөгдлийн аюулгүй байдлыг бодитоор хамгаалах суурь мэдлэгийг олгосон чухал алхам боллоо.
Cyber Solution Support ХХК нь цаашид ч олон улсын туршлага, бодит халдлагын судалгаа, өгөгдөлд суурилсан аргачлалд тулгуурлан Монгол Улсын төрийн болон стратегийн байгууллагуудын кибер тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллаж байна.

