Дэлхийн хэмжээнд кибер гэмт хэрэгтэй тэмцэх Group-IB байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар болох Cyber Solution Support ХХК нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газартай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Cyber Solution Support компани нь тус газрын албан хаагчдыг кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшүүлэх, чадавхжуулах мөн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, цаашид байгууллагын кибер хамгаалалтыг сайжруулах техник, технологийн шийдэл нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм.
Cyber Solution Support ХХК нь Group-IB компанийн олон улсын туршлага, мэргэжлийн ноу-хау, бодит халдлагад хариу арга хэмжээ авсан практик кейсүүдэд тулгуурлан Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий байгууллагуудын кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний дижитал дэд бүтцийн тогтвортой байдлыг хангах, кибер эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

